Германы эрдэмтэн "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" боллоо

Зургийг томруулах

2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Монгол улсын Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнг академич Ш. Цэгмидийн нэрэмжит болгох ёслолын арга хэмжээний үеэр германы эрдэмтэн профессор доктор (ScD) Михаел Вальтерийг "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан" цол тэмдэгээр БСШУЯ-наас шагналаа. Газар зүйн хүрээлэнгийн захирал, академич, профессор доктор (ScD) Д. Доржготов тус шагналыг гардуулсан байна бөгөөд энэхүү ёслолын арга хэмжээнд шинжлэх ухааны олон эрдэмтэд, судлаачдын төлөөлөл оролцов. БСШУЯ-наас Монгол орны уур амьсгал, ландшафт судлалын салбарт хийсэн герман эрдэмтний олон жилийн  судалгааны ажлын үр дүнг ийнхүү өндрөөр үнэлсэн байна.

Михаел Вальтер нь 1990 оноос хойш Монгол, Германы эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрэлд гарсан Германы судлаачдын анхдагчдын нэг бөгөөд ерээд онд Монголын залуу судлаачидтай хамтарсан олон судалгааны ажил хийсэн юм. 2001-2008 онд Германы эрдмийн солилцооны албаны шугамаар Монгол Улсын Их Сургуульд багшилсан бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн шугамаар Монголын Байгаль Орчны сайдын байгаль орчны сургалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо “Усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” (MoMo) төслийн нөөц чадавхийн хөгжил хэсгийг ахлан ажиллаж байгаа ба Монгол Улсын Их Сургуульд өөрийн үүсгэн байгуулсан уур амьсгал, ландшафт судлалын төвийн (МOLARE) захирлаар ажиллаж байна. Вальтер нь одоогийн хашиж буй ажлын хүрээнд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн ажилд дэмжлэг үзүүлэхийн  сацуу америк, монголын судлаачидтай хамтран уур амьсгал, мөсөн голын судалгааны ажлынг идэвхитэй явуулж байна.

Монгол улсын “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гадаадын иргэдэд олгосон тохиолдол ховорхон байдаг юм байна.

Германы эрдэмтэн "Шинжлэх ухааны тэргүүний ажилтан"