Амжилтын төлөө хамтдаа

Зургийг томруулах Элчин сайд Дуппел 10-р сарын 6-ны өдөр Германы Гадаад хэргийн яамнаас хөл бөмбөгийн залгамж халаа бэлтгэхэд зориулан хандивласан спортын иж бүрэн хэрэглэл, материалыг Монголын Хөл бөмбөгийн холбооны (МХХ) ерөнхийлөгч ноён А. Ганбаатарт гардууллаа. Ёслолд Герман-Монголын олон талт соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд олон жилийн турш идэвхтэй ажиллаж ирсэн Гадаад хэргийн сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх ноён Л. Пүрэвсүрэн оролцов. Уг арга хэмжээтэй холбогдуулан Герман-Монголын хамтын ажиллагааны хүрээнд Монголын хөл бөмбөгийн спортыг бэхжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцсан байна.

МХХ нь нийслэл Улаанбаатар хотод амжилттай өрнүүлсэн үйл ажиллагаандаа тулгуурлан цаашид мөн хөдөө орон нутагт хүүхэд, залуучуудын дунд хөл бөмбөгийн спортыг сонирхох, тэдгээрийн авьяасыг дэмжин хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, өсөн дэвшиж буй Монголын хөл бөмбөгийн шигшээ багт залгамж үе бэлтгэхэд чиглэсэн зорилтот арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа болно.