Герман-Монголын хууль зүйн хамтын ажиллагааны төслийн гэрээнд гарын үсэг зурав

 

Зургийг томруулах

Германы хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын хууль, эрх зүйн салбарыг хөгжүүлэхэд 22 гаруй жил дэмжлэг үзүүлж байна. Хуулийн төсөл боловсруулахад зөвлөх, хуулийн мэргэжилтэн сургах, давтан сургах, хуулийн байгууллагууд, шүүх хоорондын харилцаа, холбоог сайжруулах зэрэг олон ажлуудыг төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С. Бямбацогт, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Суурин төлөөлөгчийн газрын захирал Даниэль Пассон болон төслийн удирдагч Л.Заяа нар гарын үсэг зурсан төслийн гэрээнд шүүгчид,  хүүль, эрх зүйн салбарын ажилтнуудыг сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын төв байгуулах, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүгийн хэргийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг холбох нэгдсэн мэдээллийн системийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд зөвлөх  зэрэг ажлыг 2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан байна. Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д-р Кристиан Гласс хамтын ажиллагааны өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэж, итгэл үзүүлсэнд  Хууль зүй, дотоод  хэргийн сайдад талархав.          

Герман-Монголын хууль зүйн хамтын ажиллагааны төслийн гэрээ