Герман-Монголын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 5 дугаар хуралдаан

Teilnehmer der Deutsch-Mongolischen Regierungsarbeitsgruppe Зургийг томруулах (© DMUV/BDI)

Герман-Монголын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 5 дугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Берлин хотноо зохион байгуулагдлаа.

Монголын талын төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд П. Ганхүү тэргүүлж, Германы төлөөлөгчдийг Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга д-р Вольфганг Шеремет тэргүүлэв.  Холбооны Эдийн засгийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Уве Бекмайер Монголын төлөөлөгчдөд хуралдааныг нээж мэндчилгээ дэвшүүлсэн байна.   

Засгийн газар хоорондын Ажлын хэсэг Герман Улс, Монгол Улсын хооронд 5 жилийн өмнө байгуулсан Ашигт малтмалын хэлэлцээрийн цаашдын хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал ялангуяа уул уурхай, эрчим хүчний салбар болон жижиг, дунд үйлдвэр байгуулах, дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв.  

Түүнчлэн Ажлын хэсэг хуралдааны өмнөх өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 12-нд мөн Берлин хотноо болсон Герман-Монголын Эдийн засгийн хорооны 6 дугаар хуралдааны үр дүнг хэлэлцлээ. Эдийн засгийн хорооны хуралдаанд Монголын 20 гаруй нэртэй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Германы 50 томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, ирэх саруудад цаашид илүү тодорхой болгох хэд хэдэн хамтарсан төслүүдийг тохиролцсон байна.

Засгийн газар хоорондын Ажлын хэсэг болон Эдийн засгийн хорооны дараагийн хуралдаан урьдчилсан байдлаар 2017 оны 2 дугаар хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.  

Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаан

Deutsch-Mongolische Regierungsarbeitsgruppe in Berlin