Герман-Монголын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ амжилттай болж өндөрлөв

Gruppenfoto Зургийг томруулах (© BMZ )

Герман Улс техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад 46,85 сая еврогын зээл тусламжийн амлалтыг өгөв. 2016 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд болсон хэлэлцээний өмнө Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга ноён Ханс-Иоахим Фухтел Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Тэрбээр хэлэхдээ, Герман Улс Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, байгаль орчин болон нийгэмд тулгарч буй сорилтуудыг давж, тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хүрэхэд нь түншийн хувьд урт хугацааны дэмжлэг үзүүлэх болно гэв.

 Засгийн газар хоорондын хэлэлцээний үеэр хамтын ажиллагааг гурван тэргүүлэх чиглэлд үргэлжлүүлэн төвлөрүүлэхээр тохиролцов. "Биологийн олон янз байдал" тэргүүлэх чиглэлд Монголын ой модыг хамгаалах, тогтвортой ашиглахад амжилттай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Монгол орны Зүүн болон төвийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгууд дээр нэмээд Баруун бүсийн газар нутагт  дэмжлэг үзүүлэх болно. Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа эрчим хүчний салбарт эрчим хүчний системийн үр ашиг, хангалт болон экологид ээлтэй, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд мөн дэмжлэг үзүүлдэг билээ. "Ашигт малтмалын тогтвортой менежмент" чиглэлд тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн нөхцөлүүдийг, тэр дундаа хууль эрх зүйг бэхжүүлэх, хууль зүйн салбарыг мэргэшүүлэх болон дээд ба мэргэжлийн боловсролыг сайжруулахад чиглэгдэнэ.

 2017 онд Герман-Монголын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой тохионо. Засгийн газар хоорондын хэлэлцээний үеэр талууд хоёр орны найрсаг дотно харилцааг онцлов.

Герман-Монголын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ